Thursday, September 3, 2009

Хэлмэгдэгсдийн өдрөөр таван хүнд байр өгнө

Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар хороо хуралдлаа. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэднийг дурсан санах нь энэ өдрийн гол зорилго. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр хүндэтгэлийн төв хөшөө болон Сонгинохайрхан уулын ар талын булш, Хамбын овоонд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх аж. Үүнээс гадна 10.00-13.00 цагт замын хөдөлгөөнд оролцож буй машинууд гэрлээ асааж хүндэтгэл үзүүлэхээс гадна шашны байгууллагууд буяны ном хурж, зул өргөн, ерөнхий боловсролын сургуулиудийн хүүхдүүдэд хэлмэгдэл, цагаатгалын тухай лекц унших аж.

Monday, August 10, 2009

Хэлмэгдэгсдийн хөшөөг сэргээж, нөхөн олговор олгоно

Аймаг, нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд энэ оны хоёрдугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргав, өнгөрсөн хугацаанд. Энэ улиралд иргэдээс 124 өргөдөл, 220 эрэлт хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ 412 иргэнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авсан байна. Аймаг, нийслэлийн цагаатгалын салбар комиссууд төр захиргаа, олон нийт, аж ахуйн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар 84 хүнд гурван сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгож, мөн 10 иргэнд 80 мянган төгрөгийн хүнс, эд материалын туслалцаа үзүүлжээ.

Friday, October 19, 2007

Хэлмэгдэгсэд МАХН-ыг Их хурал дээрээ уучлалт гуйхыг шаардав

Хэлмэгдэгсэд МАХН-ыг Их хурал дээрээ уучлалт гуйхыг шаардав

Улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүдийн төлөөлөгчид саяхан уулзалт ярилцлага зохиолоо. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоотой хамтран хийсэн энэхүү ярилцлагад оролцогсод МАХН-ын ХХҮ Их хурлын төлөөлөгчдөд хандан ил захидал өргөн барьжээ. Түүнд, 1921 онд саж лам Жамьянданзан нарын "хэрэг" гэгчээр эхэлсэн Монгол дахь улс төрийн коммунист хэлмэгдүүлэлт жил бүр явагдан гүнзгийрсээр 1937-1938 онд феодал, лам нарыг төдийгүй энгийн олон хүн, нам, төр, цэргийн олон нэрт зүтгэлтнийг үй олноор нь баривчлан хядсан аймшигт явдал болсон билээ. Энэ жил тэрхүү үйл явдлын 70 жил тохиож байна.

Wednesday, June 27, 2007

Хэлмэгдүүлэлт дахин бүү гаргая

“Улс төрийн их хэлмэгдүүлэлт эхэлсний 70 жил, сургамж, дүгнэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Түүнийг нээж УИХ-ын дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ, 1937 оны ес дүгээр сарын 10-нд улс төрийн шалтгаанаар 65 хүнийг баривчилснаар их хэлмэгдүүлэлт эхэлж, 1939 оны дөрөв дүгээр сар гэхэд 25 мянга гаруй хүн баривчилж, түүнээс 20 мянган хүн цаазалсан тухай гунигт баримт түүхэнд үлдсэнийг санууллаа. Тиймээс хүмүүсийг дахиж хэлмэгдүүлэхгүй байх, үүний тулд сэрэмжлүүлгийг олон нийтэд өгөх нь энэ хурлын гол зорилго байв.