Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагааг 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 35000 хэлмэгдсэгсдээс 29800 иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Харин тэдгээрийн нөхөх олговорт зориулж 19.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн үүнтэй зэрэгцэн хилс хэрэгт хэлмэгдсэн, хилс хэргийн улмаас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн гэр бүлд гэр, орон сууц олгох ажлыг ч давхар үргэлжлүүлж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ чиглэлээр 470 иргэнд 2.5 тэрбум төгрөгөөр гэр, орон сууц худалдан авч өгчээ.
Түүнчлэн 9722 хүнд 110,8 сая төгрөгийг нэг удаагийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон байна. Харин нутаг заагдан хэлмэгдсэн иргэд хийгээд тэдний үр хүүхдүүд рүү хандсан бодит туслалцааг өнгөрсөн хугацаанд үзүүлж чадаагүй байгаа аж. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэнгээс тодрууллаа.
-Нутаг заагдан хэлмэгдэгдсэн иргэд, түүний үр хүүхдүүдийн нийгмийн асуудал орхигдож ирсэн гэж хэллээ. Цаашид яах вэ?
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд хоёр хэлбэрийн туслалцаа үзүүлж ирсэн Үүнд нөхөх олговор, мөн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор гэр, байр олгож ирсэн л дээ. Харин нутаг заагдан, хэлмэгдсэн иргэн, тэдний гэр бүлд зөвхөн нөхөх олговрын туслалцаа л үзүүлж ирсэн. Гэтэл эдгээр хүмүүсийн зарим нь улстөрийн хэрэгтэн гэдгээсээ болж, ажил хийж чадаагүй байдаг. Үүнээс болж, хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байх тохиолдол цөөнгүй. Мөн эцэг, эхийг нь хэлмэгдүүлснээс үр хүүхэд нь ч ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй байх нь бий. Ид хөдөлмөрийн насандаа ажил хийгээгүйгээс амьдрал нь хүндэрсэн байдаг учраас орон байрны туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Гэтэл хуульд тэдэнд энэ чиглэлийн туслалцаа үзүүлэх боломжгүй гэж заасан байдаг учраас өөрчлөлт оруулахаар болж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хууль батлагдвал энэ хүмүүст орон байрны туслалцаа үзүүлнэ, мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлэх, 3-5 сая хүртэлх төгрөгийг нэг удаагийн тусламж хэлбэрээр олгох бололцоотой болно.
-Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг 2011 он хүртэл үргэлжлүүлэхээр хуульд өөрчлөлт оруулсан. Нотлох баримт олдохгүйгээс хэлмэгдсэн хүний хүүхэд гэдгээ баталгаажуулж чаддаггүй хүмүүс олон байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-2009 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулснаар иргэдийн өргөдөл, материалыг 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүлээж авахаар болсон. Өөрөөр хэлбэл, иргэд дээр дурдсан хугацаанд өргөдлөө Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст авчирч өгнө гэсэн үг. Энэ дагуу ажлын хэсгүүд баримт материалтай танилцаж, улмаар хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн, зөвийг тогтоолгоно. Тиймээс иргэд өргөдөл, гомдлоо холбогдох байгууллагад өгснөөс хойш, шүүхээр шийдвэр нь гарсан тохиолдолд гурван жилийн хугацаанд нөхөх олговор хийгээд бусад асуудал шийдэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.
-ОХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн архивын материал олддоггүй гэх мэдээлэл нэлээд дуулддаг. Мөн тэдний архивын материалыг эх оронд нь авчрахад хүндрэлтэй байна гэх мэдээлэл ч бий. Энэ ажилд ахиц гарч байгаа юу?
-Хуучнаар ЗХУ-д 1930-1940 оны үед 400 гаруй монгол хүнийг аваачин, хэлмэгдүүлсэн гэх баримт мэдээ байдаг. Тус улсад хэлмэгдсэн монгол иргэдийн архивын материалтай танилцах, мөн архивыг эх оронд нь авчрах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ОХУ-ын ерөнхийлөгч асан В.Путин нар тухайн үед төрийн тэргүүний алба хашиж байхдаа зарим тохиролцоонд хүрч, манай талд нааштайгаар шийдэгдсэн зүйлүүд бий. Гэхдээ эдгээр архивын материалтай танилцахад техникийн их хүчин чадлыг ашиглах шаардлага байдаг юм билээ. Харин ОХУ-ын Аюулгүй байдлын тусгай архивт техник ашиглахыг хориглодог. Тиймээс манай хүмүүс тус архивт орж, баримт шүүхдээ үзэг, цаас хоёртой л ордог. Энэ нь ажилд хугацаа ихээр шаардахад хүргэдэг. Зарим тохиолдолд баримт материал дутуу байх, олддоггүй, хаалттай гээд бэрхшээл багагүй байдаг юм билээ. Тиймээс жилд 8-10 хүний архивын материал авчирдаг. Одоогоор нийт 80 хүний архивыг авчирсан. Энэ хурдаар явбал хугацаа ихээр шаардахаар байгаа.
-Маргааш/өнөөдөр/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдөр болох арга хэмжээний тухай тодруулахгүй юу?
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг 1996 оноос өнөөг хүртэлх хугацаанд албан ёсоор тэмдэглэж ирснээс хойш 15 дахь удаагаа орон даяар тэмдэглэх гэж байна. Эхний арга хэмжээ Сонгинохайрхан ууланд байгаа хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөснөөр эхэлнэ. Мөн Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд төр засгийн удирдлага, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гишүүд, нийслэл, дүүрэг ИТХ, Засаг дарга, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд оролцоно.
За бас Хамбын овоон дээрх хэлмэгдэгсдийн сувраганд хүндэтгэл үзүүлнэ. Энэ үеэр лам нар ном айлдана. Шашны бүх сүм, хийдүүд хэлмэгдэгсдэд зориулан буяны ном хурж, 108 зул өргөнө. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгсэл 11.00-13.00 цагийн хооронд гэрлээ асаан хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга МҮОНРТ-ээр хэлмэгдэгсдэд хүндэтгэл илэрхийлж, үг хэлнэ гэх мэтчлэн олон арга хэмжээ байгаа даа.
Мөн Цагаатгалын улсын комисс, яам, тусгай газрууд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төлөөллийг бас хүлээн авч уулзахаар төлөвлөсөн.
No comments:
Post a Comment