Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар хороо хуралдлаа. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг уламжлалтай.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэднийг дурсан санах нь энэ өдрийн гол зорилго. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр хүндэтгэлийн төв хөшөө болон Сонгинохайрхан уулын ар талын булш, Хамбын овоонд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх аж. Үүнээс гадна 10.00-13.00 цагт замын хөдөлгөөнд оролцож буй машинууд гэрлээ асааж хүндэтгэл үзүүлэхээс гадна шашны байгууллагууд буяны ном хурж, зул өргөн, ерөнхий боловсролын сургуулиудийн хүүхдүүдэд хэлмэгдэл, цагаатгалын тухай лекц унших аж.
Мөн энэ өдөр хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүдэд тусламж үзүүлэх юм. Ц.Дашпүрэв, Х.Ганхуяг, Г.Жадамбаа, Ц.Цэрэндаваа, Р.Жавжмаа, Л.Гончигсүрэн, Ж.Гомбосүрэн, Т.Шагдар нарын 15 хүнд 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох аж. Бас таван хүнд байрны түлхүүр гардуулан өгөх юм.
Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал бол иргэдээс ирсэн өргөдөл, гомдол байсан юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь дээд шүүхийн тогтоолоор батлагдсан тохиолдолд орон сууцны дараалалд оруулах, мөнгөн тэтгэмжийг олгодог журамтай. Тус журмын дагуу Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Д.Доржсүрэнг орон сууцны дараалалд оруулсан бол Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Надмид, 23 дугаар хорооны иргэн Янжин, 14 дүгээр хорооны иргэн Мядаг нарт зургаан сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ.
No comments:
Post a Comment