Friday, October 19, 2007

Хэлмэгдэгсэд МАХН-ыг Их хурал дээрээ уучлалт гуйхыг шаардав

Хэлмэгдэгсэд МАХН-ыг Их хурал дээрээ уучлалт гуйхыг шаардав

Улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүдийн төлөөлөгчид саяхан уулзалт ярилцлага зохиолоо. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоотой хамтран хийсэн энэхүү ярилцлагад оролцогсод МАХН-ын ХХҮ Их хурлын төлөөлөгчдөд хандан ил захидал өргөн барьжээ. Түүнд, 1921 онд саж лам Жамьянданзан нарын "хэрэг" гэгчээр эхэлсэн Монгол дахь улс төрийн коммунист хэлмэгдүүлэлт жил бүр явагдан гүнзгийрсээр 1937-1938 онд феодал, лам нарыг төдийгүй энгийн олон хүн, нам, төр, цэргийн олон нэрт зүтгэлтнийг үй олноор нь баривчлан хядсан аймшигт явдал болсон билээ. Энэ жил тэрхүү үйл явдлын 70 жил тохиож байна. Түүнийг нэхэн дурсаж, хэлмэгдэгсдээ харамсан гашуудаж байгаа энэ онцгой үед МАХН-ын ХХҮ Их хурал хуралдах гэж байна.
Тэртээ 70 жилийн өмнө МАХН улс орныг удирдах болсон эхний арван жилд хэлмэгдүүлсэн аллагын, дараагийн 10-20 жилд хэлмэгдүүлсэн хядлагын, түүнээс дараагийн 30-40 жил нь цөллөг, хавчлагын хатуу ширүүн он жилүүд байлаа, Улс орныг МАХН удирдах болсон тэр жилүүд яагаад тийнхүү улс төрийн өргөн хэлмэгдүүлэлтийн онууд байв? Учир нь МАХН коммунист ёс, Коминтерн, Коммунист нам, Ленин, Сталиныг шүтэн биширч, тэрхүү Коминтерн ба большевикуудын Монгол дахь гар хөл болж, улс орноо коммунист үзэл суртлаар хордуулж, ард түмнээ феодал анги хэмээн хуваан ноёд язгууртнууд, чинээлэг хүмүүс, мөн лам, хуврагуудыг харгис, ангийн дайсан, хувьсгалын эсэргүү, Японы тагнуулууд хэмээн үзэн ядаж устгахыг намынхаа нэг үндсэн зорилт болгож байсантай холбоотой юм. Ийнхүү МАХН Монголд явагдсан улс төрийн коммунист хэлмэгдүүлэлтийн гол эзэн нь гарцаагүй мөн тул 1921-1950 онуудад болон 1930-1940-өөд оны аймшигт геноцид, их яргаллыг явуулсандаа гэмшин Их хурлаасаа ард түмэндээ хандан шударгаар уучлалт гуйх ёстой. Ингэхдээ тэдгээр хэлмэгдэлтийн гэмт хэргүүдээ урьдын шигээ өөрсдөөсөө элдвээр булзааруулан тайлбарлаж, Бодоо, Данзан, Дамбадорж, Гэндэн, Амар зэрэг удирдагчид, гишүүдээ нам өөрөө хэлмэгдүүлснийг нам хэлмэгдсэн болгож олон түмэн болон гадаад ертөнцийг дахин битгий хуурч төөрөгдүүлээсэй гэсэн байна.
Ямар ч гэм зэмгүй байсан атлаа цаазлагдаж, хэлмэгдэн, алтан амиараа хохирогсод, эцгээ цаазлуулж, хөрөнгөө хураалган хоосорч, өнчирч үлдэн хавчигдан гадуурхагдаж явагсдын доод зах нь өнөөдөр 70 давсан өндөр настай хүмүүс болжээ. Тиймээс цөөхөн үлдсэн, үр хүүхдүүд нь амьд байгаа дээр тэрхүү аймшигт хэлмэгдүүлэлтийн гол хариуцагчийн хувьд ч тэр, эдүгээ засаг, төрийн бүх эрхийг барьж байгаагийн хувьд ч тэр эрхбиш анхаарал тавина гэж найдаж байна. Юуны өмнө үүнд Цагаатгалын улсын комиссын 2006 оны есдүгээр сарын 26-ны хурлаар зуун хувь дэмжигдсэн тэтгэлэг олгож байх саналыг анхааралдаа авч саатуулалгүй хэрэгжүүлэхийг хэлмэгдэгсдийн төлөөлөгчид Их хурлын төлөөлөгчдөд илгээсэн ил захидалдаа дурджээ. Түүгээр ч зогсохгүй өөрсдийнх нь явуулж байгаа ил захидлыг Их хурлын индэр дээр зориуд уншин сонсгохыг хүсчээ.
Б.Олд 

No comments:

Post a Comment