Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг. Монголын аль л ном эрдэмтэй, эх оронч хөвгүүдийг толгой дараалан буудаж хороон, үлдэгсдийг нь нус нулимсанд живүүлсэн тэр хар жилүүдийг өдөр бүр биш юмаа гэхэд жилд нэг удаа ингэж санаж байх нь зүйн хэрэг болов уу.
Монголын төр иргэдээ хилс хэрэгт хэлмэгдүүлж, зохион байгуулалттай аллага үйлдсэн тэр явдал 1922 оноос эхэлжээ. Тусгаар тогтнолоо олж аваад байсан тэр жилүүдэд ЗХУ коммунист ёс суртахуун үзэл бодлоо тулган хүлээлгэж, нэг үгээр хэлбэл өөрийн оронд гарсан большевик хувьсгалаа экспортолж байсан үе байлаа. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг шиг юм болсон ч түүхийн энэ ээдрээ, нугачаатай цаг үеийн нүглийг цайруулах буюу цагаатган ойлгох нь дэндэх ч аливаа бүхэн тухайн цаг үеийнхээ тусгал байдгийг бас дурдах нь зүй байх.
Оросын большевикуудаас тулган хүлээлгэж байсан үзлийг эсэргүүцсэнийхээ төлөө, Англи улсын төрийн бодлогын баримтлалыг дэмжсэнийхээ төлөө Бодоо, Данзан нар энэ хэлмэгдүүлэлтийн анхны золиос болсон билээ. Түүхийн улбаа сөхвөл тухайн цаг үеийн тэргүүлэгч сэхээтэн, тухайлбал Бодоо, Данзан нар нь Англи улсын үзэл баримтлалыг улс орондоо нэвтрүүлэхээр хууль, тогтоолыг нь судалж эхэлсэн байна.
Энэ нь төрд тэрсэлсэн явдал хэмээн буруутгагдаж баривчилсан нь улс төрийн хэлмэгдүүлэлт эхлэх суурь болжээ. Үүний дараагаар 1933 онд Ж.Лхүмбийн удирдсан хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагын хэрэг гэгчээр гүнзгийрч, 1937 оноос П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн гэх зохиомол хэргээр олон зуун хүнийг хэлмэгдүүлэн, хороож байснаар үргэлжилдэг ажээ. Тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн оргил үе буюу иргэдийг хомроглон баривчилж хядаж эхэлсэн нь 1930-1940 оны үе юм. Тухайн үед тусгай комисс, шүүхийн шийдвэрээр нийтдээ 37574 хүнийг шийтгэснээс 20 гаруй мянган хүнийг буудан хороож, 5700 гаруй хүнд янз бүрийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеийг түүхэнд 1922-1940 оныг Ангийн цэвэрлэгээ, цуст яргалал, хядлагын үе, 1940-1960 оныг өрхийн жижиг аж ахуйг устгах, сэхээтнийг агнах үе, 1960-1989 он тоталитар дэглэм ноёрхогч, залхаан цээрлүүлэлт цөллөгийн үе хэмээн ангилдаг байна. Ангийн цэвэрлэгээ, цуст яргаллын үе гэдэг нь тухайн үеийн улс төрийн тэрслүү үзэлтэн хэмээн үзсэн иргэдийг олноор баривчлах, эсвэл ганц нэгээр нь, ордертой бай ордергүй гэхчлэн зургаан төрлөөр барив-чилдаг байжээ. Ордертой баривчлах гэдэг нь тухайн хүнд ямар шалтгаанаар баривчлах болсныг нь мэдэгдэхийг хэлдэг аж.
Харин ордергүй баривчлах нь ямар ч баримт бичиггүйгээр баривчилж, орон гэрийг нь битүүмжилж, эд хөрөнгийг нь хураах харгис баривчилгаа юм байна. Тухайн үеийн улс төрийн хилс хэрэгтнүүдийг төрийн тэрслүү үзэлтэн гэхээсээ илүү, архи уусан, хүүхэн эргүүлсэн гэх аар саархан шалтгаанаар баривчилдаг байжээ. Баривчлахдаа голдуу шөнө, оройн цагаар гэрт нь очиж баривчилдаг байв. Ийнхүү баривчлагдсан иргэдийг Зөвлөлтөд хэлмэгдэгсэдийг хэрхэн шийтгэдэг байсан 50 гаруй аргын зарим төрлүүдийг нь ашиглан эрүүдэн шүүдэг байсан гэх баримт байна.
Жишээ нь бие мах бодийг нь тамлан зовоох, харанхуй нүхэнд хорих, өндөр сандал дээр суулгах гэх мэт яргаллын аргыг түлхүү хэрэглэдэг байв. Харин 1960-аад оны оны хэлмэгдүүлэлтийн үед байцаан шийтгэх нь харьцангуй хөнгөрч залхаан цээрлүүлэх буюу хүнд хөдөлмөр хийлгэх, нутаг заан цөллөгт явуулдаг болжээ. Тухайн үеийн хэлмэгдэгсдээс өнөөдөр 50 гаруй хүн амьд сэрүүн байгаа аж. Энэхүү олон мянган хүнийг хэлмэгдүүлж, Монголын төр түүхэндээ хар мөр үлдээх болсон шалтгааныг одоогийн түүх суд-лаачид 1924 оны Үндсэн хууль хэмээн үзэж байгаа аж.
Учир нь Бодоо, Данзан нарын Английн хуулиас санаа авч боловсруулсан ардчилсан маягийн хуулийг үгүй хийж, 1924 оны Үндсэн хуулийг баталсан нь хувийн өмчид эрээ цээргүй халдаж, лам нарыг төрөөс хяхан гадуурхах, тэрчлэн улмаар энэхүү хэлмэгдүүлэлтийн үндэс болсон хэмээн зарим судлаачид үзэж байгаа юм. Гэвч Монголын төрөөс 1920-1940-өөд он, ялангуяа 1930-аад оны сүүлчээр үйлдсэн яргаллын эл үеийг "хэлмэгдүүлэлт" хэмээн томъёолох нэг талдаа өрөөсгөл ойлголт ажээ.
"Хэлмэгдүүлэлт" нь нэг талаас "хилсээр ял тулгагдсан" гэсэн агуулгыг агуулж буй ч нөгөөтэйгүүр, аллагын зохион байгуулалттай шинжийг үгүйсгэсэн, тохиолдлын шинжтэй үйл явц, эсхүл хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөнд өөрийн эрхгүй өртөн хохирсон гэх утгыг ч мөн илэрхийлдэг аж. Харин төрөөс иргэдээ зохион байгуулалттай хороохыг "төрийн террор" буюу "төрийн яргалал" хэмээн томъёолдог аж. Тиймээс "хэлмэгдүүлэлт" хэмээх энэ томъёолол 1920-1940 онуудад үйлдэгдсэн төрийн яргаллын мөн чанарыг иргэдэд эерэгээр ойлгуулж, түүхэнд зайлшгүй гарах үзэгдэл байсан мэтээр ойлгогддог байна.
No comments:
Post a Comment