Friday, September 10, 2010

Хэлмэгдэгсдийн хөшөө ихэрлэх болоогүй юу

Монгол улсын түүхэнд хар мөр үлдээж, уй гашуу авчирсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр  алтан амиа алдсан  Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ,  н.Ганбаатар,  Ч. Энхбаатар нарыг монголын ард түмэн үүрд дурсан санах учиртай хэмээн долдугаар сарын нэгний үймээнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө босгохоор болж байсан цаг саяхан. Улмаар ерөнхийлөгчийн тамгын газар, хохирогчдын ар гэрийнхэн хөшөөг МАХН-ын байрны өмнөх цэцэрлэгт барих нь оновчтой гэж үзэн хотын захирагч Г.Мөнхбаярт албан тоот хүргүүлж  байсан билээ.
Гэвч хөшөө барих газар тэдний санаснаар болоогүй. Харин хотын захиргаанаас дахин хэлэлцэж амь үрэгдсэн таван залуугийн хөшөөг Үндэсний  музейн өмнөх талбай Хэлмэгсдийн хөшөөний баруун талд босгох боломжтой гэсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгтийн гарын үсэг бүхий  албан тоот өнгөрсөн оны есдүгээр сард Ардчилсан холбоонд  иржээ. Ингээд ерөнхийлөгчийн тамгын газар, ардчилсан холбоо, хохирогчдын ар гэрийнхэн хөшөө босгох газраа шийдчихлээ  хэмээн сэтгэл нь тэнийж долдугаар сарын 1-ний өдөр хөшөөний шав тавих ёслолыг сүр дуулиантай хийсэн юм. Гэвч Нийслэлээс олгосон алга дарамхан  газарт Ардчилсан холбооны санаачилсан 17 метр урт, 6 метр өндөр, 20 см өргөн хөшөө барих зай талбай хаана ч хүрэлцэхгүй болчихжээ. Тиймээс Үндэсний музейн өмнө үйл ажиллагаа явуулдаг пабыг дөрвөн метр тэлэх шаардлага гарсан бололтой.  Бараг л шав тавих ёслол болсон өдрөөс  эхлэн эсэргүүцэлтэй тулгарсан гэхэд болно. Учир нь тэлэх гээд байгаа талбай нь Үндэсний музейн  эзэмшлийнх болохоор  газраа өгөхгүй гээд гүрийчихэж. Хөшөө ч үгүй, мөнгө ч үгүй газрын асуудлаа шийдэх чадахгүй явсаар өнөөдөртэй залгалаа. Уг нь Ардчилсан холбооныхон, хохирогсдын ар гэрийнхэн  газраа шийдүүлэх гэж хөөцөлдсөөр байгаа ч зуны гурван сар дарга нар нь хөдөө хээр зугаалаад олдоогүй гэнэ. Анхнаасаа ном журмынх нь дагуу газрыг нь олгохгүй, зардал чирэгдэл болгох гоомой зангаа хэзээ засах юм бол доо. Энэ аймшигт хэргээс сургамж авах, үүрд  санан дурсаж байх зорилготой, түүхийн бодит үнэнийн гэрч болох  ганц хөшөөний газар шийдэж чадахгүй хотын удирдлагыг юу гэх вэ. Газраа шийдчихвэл хөшөөг барих 74 сая төгрөгийн дийлэнхийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргаж, иргэдийн хандив тусламжаар өвлөөс өмнө босгохоор төлөвлөж байсан юм. Есдүгээр сар ургаж, хэн хүнгүй албан өрөөндөө тухлах болсон энэ үед л  газрын асуудлыг хэрхэхийг дахин ярилцахаар болж байгаа бололтой. Хэзээ гэдэг нь тодорхойгүй ч Ардчилсан холбоо, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хохирогсдын ар гэрийнхэн, хотын удирдлагууд нэгэн ширээнд сууж гарцыг олохоор болсон сураг дуулдана. Газраа, хөрөнгө мөнгөө шийдвэрлэж, дараа нь хөшөөгөө босгох хүртэл нэлээд хэдэн сар хүлээх нь ойлгомжтой боллоо.Монголын ард түмэн улс төрийн үймээнд амь үрэгдсэн хайрт үр хүүхэд, халамжмит ханийх нь алтан амийг хүндэтгэж,  хөшөөнд нь  цэцэг өргөхийг хүсч л суугаа даа тэд... 

No comments:

Post a Comment