“Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүн Д.Цогтбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа. -УИХ-ын Тамгын газрын ажилтан Ц.Жаргалсайханд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял оноосон нь дуулиан тарьж байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэс хойш сонсогдоогүй эх орноосоо урвасан гэх хэргээр өнөө цагт ял оноосныг та юу гэж дүгнэж байна вэ?
-Гегелийн “Хэн хийсвэр сэтгэдэг вэ” гэдэг зөвлөгөө сургамжийн ном байдаг. Тэр номонд аливаа юмыг хийсвэрээр сэтгэхийг, олон талаас нь судалж эцсийн дүгнэлт гаргах нь дээр үү гэдгийг бичсэн байдаг. Тэгэхээр өөрийн чинь асуултад олон талаас нь харж байж дүгнэлт өгөх нь зөв байх. Тэр хүнийг шууд буруутгах нь ямар байх бол. Ц.Жаргалсайхан өнөөдөр төрд тэрсэлсэн харагдаж байж болно. 1930-1940-өөд онд ч төрд тэрсэлсэн, ардын дайсан, Японы тагнуул зэрэг янз бүрийн нэр өгч гүтгэж байгаад ялласан байдаг. Харин энэ цагт тэр хүмүүсээ цагаатгаж, төр нь уучлал хүссэн шүү дээ.
Энэ төр засаг дахин тийм байдалд л битгий хүрээсэй.Ц.Жаргалсайханы хийсэн хэргийнх нь хувьд надад тодорхой мэдээлэл алга. Хуулийн байгууллагынхны хүрээнд асуудал нь байгаа учраас одоо дүгнэж хэлэх боломж байхгүй.
-Ц.Жаргалсайханд 17 жилийн хорих ял оноосныг “Өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлт энэ цагт давтагдлаа” гэж ярих нэгэн ч байгаа.
-Үүнд одоо хариулт өгөх боломжгүй л дээ. Ер нь 1937 оны хэлмэгдүүлэлт бол аймшигт цуст яргалал байсан. Ард түмэн рүүгээ чиглэсэн төрийн дарангуйлал байсныг түүх нотолж байгаа шүү дээ. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж нэрлэсэн нь хялбарчилсан ойлголт. Нарийн яривал хэлмэгдүүлэлт гэж нэрлэх нь улс төрийн агуулгаараа зохимжгүй юм. Хэлмэгдсэн гэхээр л ядарсан, зүдэрсэн, төрд гомдсон хэсэг хүмүүс байдаг гэсэн ойлголтыг нийгэмд өгчихөөд байна. Энэ ойлголтыг өөрчлөх ёстой гэдгийг цаг хугацаа харуулж байна. Өмнөх үеийн нийгмийн сор болсон мэдлэг боловсролтой, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн зоригтнуудад ял тулгасан байдаг. Тэр үйл явдлыг улс төрийн цуст яргалал, ард түмнийхээ эсрэг хийсэн гэмт хэрэг байсныг одоо залууст ойлгуулах учиртай. Харин хэлмэгдүүлэлт бол ус үер, гал түймэр, байгалийн давагдашгүй хүчин зүйлд автагдсан хүмүүсийг хэлдгийг хэн хүнгүй мэднэ.
-Цуст яргалал гэж нэрлэсэн нь хэлмэгдүүлэлтээс жинтэй сонсогдоно гэж үү. Арай хатуудах юм биш үү?
-Тус холбооноос есдүгээр сарын 7-нд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Комисстой хамтран энэ асуудлаар эрдэм шинжилгээ, судлалын бага хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурлаар 1922-1940-өөд оны хэлмэгдүүлэлтийн талаар хөндөгдөөгүй, судлагдаагүй асуудлуудыг хэлэлцүүлэх юм. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуулийн талаар ярилцана. Чухамдаа энэ хуулийг Оросын захиалгаар Буриад хүн боловсруулж Монголд хэрэгжүүлсэн байдаг. Монгол ардын нам 1921 онд байгуулагдсан. Гэтэл Оросын захиалгатай Үндсэн хуулийг 1924 онд батласан. Тэгэхээр 1924 он төрийн эргэлт байсан уу, үгүй юу гэдгийг судлаачид хөндөж ярилцана. Ер нь түүх бодитой үнэн байх учиртай.
-Одоо тэр үеийг ингэж нэрлэнэ, тэгж нэрлэмээр байна гэх нь утгагүй юм биш үү?
-Тухайн үед Монгол Улс нийгмээрээ хэлмэгдсэн. Хүн ам, хэл түүх соёл, газар нутгаараа хэлмэгдсэн. Тухайлбал, Оростой гэрээ хийх бүртээ газар нутгаа алдсан нь сонирхол татдаг. Тэгэхээр төр барьж байсан хүмүүс тусгаар тогтнолынхоо төлөө ажиллаж байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Газар нутгаас гадна уйгаржин монгол бичгээ өөрчилж, буриадуудыг ялгаварлан гадуурхаж байсан шүү дээ. Ингээд ярихаар хэлмэгдүүлэлт бол маш өргөн агуулгатай шинжлэх ухааны ойлголт. Бид олон жил түүхээ гуйвуулсан, буруугаар хэлэлцүүлж байсан. Одоо түүнийгээ залруулах цаг болсон. Жишээ нь, оюутан сурагчдын түүхийн хичээлд “1932 оны эсэргүү бослого” байсан гэж заадаг. Үүнийг “Зэвсэгт бослого”, “Иргэний дайн” байсан гэдэг чиглэлээр одоо болох хурлын үеэр эрдэм шинжилгээний илтгэл тавина. Өт хүртэл хатгахаар хөдөлдөг биз дээ. Түүнтэй адил тэр үеийн лам нарын хөрөнгийг хурааж, орон байр, сүм хийдийг шатааж, хүмүүсийг алж устгаж эхлэхээр эсэргүүцэж иргэний дайн үүссэн байдаг. Эрх ашгаа хамгаалах тэмцлийг эсэргүү гэж нэрлэх нь зөв үү, буруу юу гэдгийг хэлэлцүүлэх ёстой.
-Хэлмэгдүүлэлт гэдэг үгэн дээр хүртэл маргаантай байна гэхээр өнгөрсөн 20 жилийн цагаатгах ажил юу болж таарах вэ. Төрөөс хийсэн ажил үр дүнгүй юм биш үү?
-Үр дүнгүй болсон гэж үгүйсгэж болохгүй. “Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо” бол ардчилсан хувьсгалын нэг бүрэлдэхүүн хэсэг. Нийгмийн нэг байгууллыг нөгөө нийгмийн байгууллаар өөрчлөх гэдэг өргөс авахтай адилгүй л дээ. Төрөөс уучлалт гуйж, хэлмэгдсэн иргэдээ, ар гэрийнхнийг нь цагаатгах, нөхөн олговор олгох зэргээр үе шаттайгаар ахиж, өөрчлөлт хийж байна. Манай холбоо Цагаатгалын тухай хуулийг батлуулахын төлөө 1993-1998 он хүртэл таван жил тууштай зүтгэсэн. Үүний үр дүнд хууль батласныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уг нь ардчилсан нийгэмд ингэж удах нь зүй бус зүйл юм. Өнгөрсөн хугацаанд хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгосон. Монголын олон гэр бүл өвөг дээдэс, эцэг эх, төрөл төрөгсдийнхөө нэр төрийг сэргээж, гэмт хэрэгтэн биш гэдгийг ойлгож баталгаажуулж чадлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байхдаа түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь хэрэгжүүлсэн ажлаас нь тодорхой байдаг. Зарим дарга нар хариуцлагаа тэгтлээ ухамсарлахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Цаашдаа хэлмэгдүүлэлт дахин гаргахгүй байх, хүний эрхийн манаанд тууштай зогсох нь манай холбооны эрхэм зорилго юм. Хэлмэгдүүлэлт гэдэг ойлголтыг нийгэмд бодит ойлголт болгож, төрөөс хийх ажлыг далайцтай үр дүнтэй болгоход анхаарах шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд 17400-аад хүнд нөхөн олговор олгосон судалгаа байдаг. Цаана нь судлагдаагүй 6000 гаруй хүний материал байна. Ингэж ажиллавал маш их цаг алдана. Төр энэ асуудалд зоригтой алхам хийхийг цаг хугацаа шаардаж байна.
-Ямар алхам хийнэ гэж?
-Хэлмэгдсэн хүмүүсийг судлаж, цагаатгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хамтарсан Засгийн газрын цаг үед улс төрийн шийдэл гаргах нь зүйтэй. 1930-аад оны үед цуст аллага болсон уу гэвэл болсон. 30 гаруй мянган хүнээ буудаж алсан нь үнэн учраас улс төрийн шийдэл гаргах ёстой. Тухайлбал, төр албан ёсоор Улсын Их Хурлын чуулган дээр уучлал гуйх шинэ алхам хийх хэрэгтэй. Улс орны нийгэм эдийн засгийн амьдрал тийм сайнгүй байгаа нь тодорхой. Ийм цаг үед хууль эрхзүйн актыг боловсруулж гаргах, мөнгөгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломж байна. Хэлмэгдэгсэд, тэдгээрийн гэр бүл, төрөл төрөгсдөд сургуульд сурах боломж олдоогүй, тодорхой албан тушаал эрхлээгүй, нийгмийн шоовдорлогдсон хэсэг хүмүүс байсан. Одоо ч бүрэн арилаагүй байсаар байна. Хэлмэгдүүлэлтийн талаар төрөөс барьж байгаа бодлогыг өөрчлөхийг нийгэм шаардаж байгааг ойлгох цаг болсон. Хэлмэгдэж, шоовдорлогдсон хүмүүсийг төрийн захиргааны анхан шатны нэгж дээр хамгийн түрүүнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг, тийм механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна. Хэлмэгдэгсдийн хүүхдүүдийг төлбөргүйгээр сургуульд сургах эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүний эрхийн наад захын шаардлага юм. Тухайн үеийн төр засаг мал, хөрөнгийг нь дээрэмдээд авчихсан шүү дээ. Одоо өрөө төлөх ёстой. Тэгэхээр ар гэрт нь өрийн бичиг гаргая. “Төр танай гэр бүлд өртэй юм” гэсэн бичгийг хараад олон жил зовсон хүмүүсийн сэтгэл санаа ямар болох билээ. Уул уурхайн салбар хөгжиж ашигт малтмал эргэлтэд орж, эдийн засгийн боломжтой болсны дараа шат дараалалтайгаар өрөө төлж болно шүү дээ.
-Одоо олгож байгаа нөхөн олговорын хэмжээг хангалтгүй гэж үзэж байна уу?
-Бага байлгүй яах вэ. Бид ОХУ-д 240 сая ам долларын өртэй гээд асуудлыг шийдэж, уйлаан майлаан болж байсан түүх саяхан. Гэтэл бид ямар ч өргүй шүү дээ. Харин ард түмний сэтгэлийг хуурсан үйлдэл гэдгийг цаг хугацаа улам бүр харуулсаар байна. Харин Оросоос газар нутгаа сүйтгүүлж, сэхээтнүүдээ хөнөөлгөсний хариуд асар их мөнгө авах ёстой. Гэтэл Монголын төрийн шийдсэнээр үзвэл, хэлмэгдсэн нэг хүний ар гэрт 5-10 хүн гэж тооцвол нэг сая төгрөгийг хуваарилахад хэрхэн оногдох нь тодорхой байгаа биз дээ. Тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулж явсан Ц.Лоохууз гуайг өнөөдөр тэтгэврийн өвгөн гээд шагнаж чадахгүй байна шүү дээ. 1959 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаас хойш 50 жил болж байна. Төр бүлэглэлээс айгаад тэр хүнийг шагнаж чадахгүй байна шүү дээ. Магадгүй Ю.Цэдэнбалыг шүүмжилж байсан хүнийг шагнавал аль нэг бүлэглэлд буруутан болно гэж айж байгаа юм байлгүй дээ.
-Таны ярьж байгаа өрийн бичиг, гэрээ нь бэлнээр төрөөс өгч байгаа 500 мянга, нэг сая төгрөгөөс хийсвэр сонсогдож байна?
-Хэлмэгдүүлэлт гэдэг чинь лабораторийн аргаар боловсруулж тарьсан хортой тариа гэвэл та юу гэж ойлгох юм бэ? Зүрхэндээ ойрхон бодвол л ойлгох байх даа. Үе удмаараа хордчихоод байхад 500 мянган төгрөг өгөөд асуудлыг шийдлээ гэж болохгүй шүү дээ. Яг өнөөдрийн 70 мянган төгрөг хуваарилж байгаа юм шиг байгаа биз дээ. Түүний оронд өрийн бичиг ч юмуу, хувьцаа хэлбэрээр үе удмаар нь хохирлыг нь барагдуулж болно. Хэлмэгдүүлэлтийн нэг жишээ хэлчих үү?
-Ямар жишээ вэ?
-1964 онд “Намыг эсрэг бүлэг” гэдэг хилс хэрэг зохиогоод 200 гаруй хүнд хилсээр ял тулгасан байдаг. Тэр үеийн Монголбанкинд ажиллаж байсан тэр үеийн сэхээтэн Г.Жамбалдорж гэдэг эмэгтэйг валютын ханш задласан гэж хилсээр шүүхээр шийтгэж шоронд хорьсон түүхтэй. Тэр эмэгтэй одоо ч амьд зовж яваа. Насан туршийн өвчтэй, ганц хүүтэйгээ тэнэмэл амьдарч байна. Тэр эмэгтэйд анхаарлаа хандуулж дэмжлэг туслалцаа үзүүлж болохгүй гэж үү. Ийм жишээ олон бий.
-Одоо ч хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн гэж ярих хүн олон. Одоо цагийн хэлмэгдүүлэлт гэж юуг хэлэх вэ?
-Улс төрийн агуулгаараа бол өмнөх үетэй адил. Харин ажил байдлаараа хэлмэгдэх нь шууд удирдах албан тушаалтантай нь холбоотой. Сүүлийн үеийн хэлмэгдүүлэлт намчирхсан, нутгархсан бүлгэрхсэн үзэл бодлоос үүдэлтэй болжээ.
-Танай холбоо “Долдугаар сарын 1”-ний үйл явдалд дүгнэлт хийсэн. Үймээнээс үүдэлтэй шинэ цагийн хэлмэгдүүлэлт болсон уу?
-“Долдугаар сарын 1” бол төрийн дарангуйлал. Үймээн гэж ярих нь ч буруу. Харин шударга бус явдлыг эсэргүүцсэн үйл явдал байсан. Харин үйл явдлыг үймээн болгосон асуудлыг судлах учиртай. Үймээний үеэр шатаасан машины эзэд өнөөг хүртэл ил гараагүй л байгаа шүү дээ. Гэтэл үймээнд оролцсон хүмүүсийг байцаасны дараа баривчлах ёстой. Гэтэл баривчилж байгаад хүчээр хэрэг тулгасан нь хэлмэгдүүлэлтийн эхлэл байсан. Тэр бол зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт. Тиймээс ч “Долдугаар сарын 1”-нийг “Дарангуйллыг сануулах өдөр” гэж нэрлэмээр санагддаг. Төрийн дарангуйлал өнөөг хүртэл байна шүү дээ. Манай холбооны зүгээс тухайн үед төр барьж байсан хүмүүст эрүүгийн хариуцлага тооцохыг, хилсээр ял эдэлж байгаа хүмүүсийг цагаатгахыг шаардсаар байгаа.
-Цагаатгавал нөхөн олговор олгох уу?
-Төр буруутай учраас нөхөн олговор олгох хууль эрхзүйн үндэслэл бий.
-“Долдугаар сарын 1”-нд амиа алдсан иргэдийн хөшөөг Хэлмэгдсдийн хөшөөтэй ихэрлүүлэхээр болсон. Энэ нь төр хэлмэгдүүлэлт хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Яах аргагүй төр үйлдлээрээ хэлмэгдүүлэлт хийснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хуучин цагт нам дарж болно. Харин ардчилсан нийгэмд иргэдийн шахалтаар төр буулт хийж байгаа нь энэ.
-Та Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Тэр утгаараа “Орчин цагийн хэлмэгдүүлэлт нам, бүлэглэлүүдээс үүдэлтэй” гэж том дуугарч болох уу?
-Үүнд айх юм байхгүй. Манай намд ч гэсэн хуучинсаг үзэлтэй улс төрчид байдаг. Хэн нэгэнд долигоносон, хувиа хичээсэн хүмүүс аль ч нийгэмд амь бөхтэй амьдарсаар байна. Хамтарсан Засгийн газрыг байгуулж, Үндэсний эрх ашгийн төлөө нэгдэж байгааг дэмждэг. Харин нэгдсэнийх нь дараа хамтарсан нь буруу гээд жол жол юм яриад байгаа улстөрчдийн эсрэг байдаг хүн. Бурууд хатуу, зөвд зөөлөн байх ёстой. Аль нэг сайд, дарга нар гээд шүүмжлэхгүй байх нь ардчилсан ёс биш. Тиймээс хэн нэгэн сайдын буруутай үйл ажиллагааг шүүмжлэх нь миний буруу биш шүү дээ. Одоогийн УИХ -ын гишүүд нэгэн дуугаар, нэгэн зорилготой 76 тэрбум төгрөгийг тойрогтоо хуваарилж авсан асуудлыг зохион байгуулалттай гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Зарим УИХ-ын гишүүд орон нутагт нь хуваарилсан болохоос хувьдаа хуваарилж аваагүй гэж хүүхэд хуурч байгаа юм шиг мэлздэг. Гэтэл “Тэрбум төгрөгийг би мэдэхгүй” гэчихээд сонгогчиддоо зээл өгсөн асуудал хүртэл байгаа. Цаашлаад сургуулийн байр, дээвэр, бас бус зүйлийг засварлах гээд инээдтэй ажил төлөвлөөд явах жишээтэй. Түүхэндээ 20 жилийн дараа энэ асуудал сөхөгдөж яригдах нь ойлгомжтой.
-Та 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. УИХ-ын гишүүн болсон бол ингэж шүүмжлэх байсан уу?
-Би заавал УИХ-ын гишүүн болмоор байна гэж гоншигоноод байх хүн биш. Бурангуй нийгмийн золиос болсон хүний хувьд шийдвэр гаргах түвшинд үгээ хүргэхийн тулд өрсөлдсөн. Би тэр яригдаад байгаа 76 тэрбум төгрөгийн асуудлын эсрэг байсан гэдэгтээ итгэлтэй байна. Нам олонхиороо шийдвэр гаргадаг ч цаана нь үндэсний эрх ашиг гэж байна шүү дээ. Кнопын гишүүн байхгүй л байсан. УИХ-ын гишүүн болоогүй ч ард иргэдийнхээ төлөө сэтгэл зовдог хэвээрээ л байгаа. Шударга ёсны төлөө тууштай явсаар байна.
-Улс төрийн өндөр албан тушаалтнуудыг гэмт хэрэгт холбогдуулж шалгахаар өөрийгөө хэлмэгдсэн гэж ярьдаг. Тухайлбал, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өөрийгөө улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө гэсэн. Хэргийн нь шалгаж эхлэх үеэс хэлмэгдүүлж байна гэдгийн та юу гэж дүгнэх вэ?
-Хүн бол хэлсэндээ байх ёстой. Ч.Сангарагчаа “Шалга, бас дахин шалга” гэж өөрөө хэлдэг биз дээ. Зоригтой, шударга байж албан тушаалаа өгөөд шалгуулчих хэрэгтэй. Харин дараа нь хэлмэгдсэн эсэхээ ярих ёстой. Гэтэл үе, үеийн дарга нарын олонхи нь бэртэгчин, хувиа хичээсэн байдаг. Нам, бүлэглэлээс аврал эрсэн байдалтай амиа аргацааж болохгүй ээ. Нам нь аврахгүй бол нөгөө намд элсдэг, урвадаг хэсэг хүмүүс байгаад шүүмжлэлтэй ханддаг. Урвагч хүмүүс илүү сайхан амьдардаг, албан тушаал хүртдэг нийгэм битгий байгаасай гэж санаа зовж явдаг.
-Та Сангийн яамны Тамгын газрын даргын алба хашиж явсан хүн. Шударга байна гээд албан тушаалаа өгч байсан санагдаж байна?
-УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хуулиа дээдэлж албан тушаалаа өгсөн. Нэг гараанаас гарч өрсөлдсөн нь дээр биз дээ. Ингэж шийдээд л албан тушаалаа өгч байлаа. Бөх барилдаж уначихаад урваганадаггүй, сайхан монгол зан байдаг шүү дээ. Би тийм л хүн.
-Тэгвэд яагаад төрийн бус байгууллага удирдах шийдвэр гаргасан бэ?
-Миний аав 1964 онд “Намын эсрэг бүлэг” гэгч хилс хэргийн толгойлогчдын нэг гэж хэлмэгдэж явсан. Тэгээд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын давсны артельд нормчиноор нутаг заагдаж байсан. Аав маань Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог тэргүүлж ажиллаж байгаад 2007 онд бурхан болсон. Холбооны ахмад гишүүд надад итгэл, хариуцлага хүлээлгэснээр 2009 оны тавдугаар сараас уг холбооны үйл ажиллагааг удирдан ажиллаж байна. Хүний эрхийн манаанд тууштай зогсож, шудрага ёс, ардчилсан ёс, хуулиа дээдлэж, Монгол улсын сайн иргэн байхын төлөө зүтгэж явна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
No comments:
Post a Comment