Wednesday, June 27, 2007

Хэлмэгдүүлэлт дахин бүү гаргая

“Улс төрийн их хэлмэгдүүлэлт эхэлсний 70 жил, сургамж, дүгнэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Түүнийг нээж УИХ-ын дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ, 1937 оны ес дүгээр сарын 10-нд улс төрийн шалтгаанаар 65 хүнийг баривчилснаар их хэлмэгдүүлэлт эхэлж, 1939 оны дөрөв дүгээр сар гэхэд 25 мянга гаруй хүн баривчилж, түүнээс 20 мянган хүн цаазалсан тухай гунигт баримт түүхэнд үлдсэнийг санууллаа. Тиймээс хүмүүсийг дахиж хэлмэгдүүлэхгүй байх, үүний тулд сэрэмжлүүлгийг олон нийтэд өгөх нь энэ хурлын гол зорилго байв.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Н. Сампилноров ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа 17 мянган хэрэг, улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн гэх боловч хэрэг материал, нотлох баримтгүйгээс хүлээгдэж байгаа 1000 гаруй иргэний асуудлыг шуурхай шийдвэрлэх, хуучин ЗХУ-д хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах, хэрэг материалыг нь авч ирэх, мөн Зөвлөлтийн 17 дугаар армийн тагнуулын байгууллагын шугамаар тусгай үүрэг гүйцэтгэхээр яваад сураггүй болсон монгол иргэдийн сургийг гаргуулах, хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд төр засгаас халамж үзүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Мөн хэлмэгдлийн тухай материал судлахад туслалцаа үзүүлэн архиваа нээлттэй байлгаач гэж ТЕГ-аас хүсэв. Хэлмэгдэл гэгч аюумшгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн олон хүн, эрдэмтэн, мэргэд энд хүрэлцэн ирсэн байлаа.
ИЗН-ын гишүүн доктор, профессор Л.Дашням, түүх цаг ямагт өөрийгөө зөвтгөж чаддаг, харин түүний сургамж амьдралын зөвтгөл болдог. Ийм явдал дахин давтагдахгүй гэдгийг эрх баригч нам ард түмэндээ амлаасай, амь бөхтэй үзэгдэл учир үндсээр нь арилгахын тулд бүхнийг хийгээсэй хэмээн намынхаа байр суурийг илэрхийлэв.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Т.Галсан, хэлмэгдэл гэдэг үгийн язгуур нь хилс хэрэгт гүтгэж, алтан амийг нь егүүтгэж, эд баялгийг нь цөлмөж, хувь заяаг нь хувхайлах гэсэн утга агуулдаг. Уг гарлаар нь бол “хилмэгдэх” гэж бичих ёстой бөгөөд ариун цагаанаар явсан хүнийг харанхуй хар нүхэнд унагах гэсэн утгатай гэж тайлбарлав. Тэгвэл хэлмэгдэл гээчийг дэлхий нийтэд хамгийн хүнд, ноцтой гэмт хэрэгт тооцож “геноцид” гэж нэрлэдэг аж.
Үндэс, угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг нэгтэй бүлэг хүмүүсийг бүлэглэн буюу хэсгээр нь устгах явдал бол “геноцид” мөн гэж НҮБ-ын 1948 онд баталсан Конвенцод заасан байдаг юм байна. Шударга шүүх, засаглалгүй, олон ургальч үзлийг боогдуулсан, эрх чөлөө хязгаарлагдмал, эрх баригчид нь дур зоргоороо аашилдаг нийгэм геноцид үйлдэгдэх хөрс болдог аж. Тэгвэл Монголын өнөөгийн нийгэм яг л ийм байгаа тул тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахыг энэ хуралд оролцогсод нэгэн дугаар уриалж байсан юм. Монгол Улсын YI Ерөнхий сайд асан Жигжиджавын ач хүү Ш. Цогтоо, YII дахь Ерөнхий сайд асан П. Гэндэнгийн ач хүү С. Бэхбат нар энэ хуралд оролцлоо.
ЗХУ хэмээх том гүрнээс Монголд экспортолсон, сэхээтний давхаргыг бүхэлд нь устгах зорилгоор хийгдсэн энэ үйл ажиллагаа Монголын сор болсон 36.000 хүний амийг авч одсон байдаг. XX зууны Монголын түүхэн дэх энэхүү эмгэнэлт явдлыг 70 жилийн турш Монголын ард түмэн мартаагүй, мартах ч ёсгүй.

Ж.Мөнхзул

No comments:

Post a Comment