Tuesday, September 14, 2010

Бариа тавианы жилүүд буюу их хэлмэгдүүлэлт

Социализмын үеийн их хэлмэгдүүлэлт нь тухайн үеийн Засгийн газар, Намын төв хорооны тэргүүлэгчид хэд хэдэн удаа хэлэлцэн гаргасан тогтоолоос эхтэй ажээ. Тогтоолоор батлагдсан энэ дүрэмд "Зөвлөлтийн сургагч, зөвлөхөд дургүйцсэн монгол хүнийг албан тушаалаас нь зайлуулахаас эхлээд цаазаар авах хүртэл арга хэмжээ авна" гэж заасан байна. Энэ дүрмийг Э.Ринчино, Дотоод хэргийн ардын комиссарын төлөөлөгч, зөвлөх И.Вакунасов нар санаачилжээ. Монгол Улсын ерөнхий сайд Бодоо, гүн Дэндэв, Пунцагдорж, Чагдаржав нарыг баривчлан асууж, хүч хэрэглэн байцаасан болоод 1922 оны 8 дугаар сард "Шар хадны энгэр"-т буудан хороожээ.
1924 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн МАН-ын 3 дугаар их хурлын 23 дугаар хуралдаан дээр Данзан, Баваасан нарыг 8 дугаар сарын 30-нд "Буудан алсан тухай"-гаа уншиж сонсгожээ. Түүхэнд их хэлмэгдүүлэлтийн нэгдүгээр үе ингэж эхэлжээ.

Нэгдүгээр үе буюу 1922-1924 оны Д.Бодоо, С.Данзангийн хэрэг

Данзанг баривчлахыг Р.Элбэгдорж их хурлаас есөн зүйлээр тулган шаардаж эцэст нь "Данзан бол хулгайч, урвагч, Данзан засгийн эрхэнд байсан цагт манай улс хэзээ ч амар тайван байхгүй нь илт байна. Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй" гэж шууд ял тулгасан байна. Энэ саналыг үндэслэн Данзан, Баваасан, Доржпалам, Буяннэмэх нарыг дайчлан баривчилах тухай санал хурааж баривчлах ажлыг Дотоодыг хамгаалах газраар гүйцэтгүүлэх саналыг төлөөлөгчид баталжээ. Данзанг баривчилсан тухайгаа шөнийн 01 цатт Дотоодыг хамгаалах газрын дарга Батурин ирж Их хурлын даргад илтгэжээ. Тусгай комиссын тогтоолыг Намын 3 дугаар их хурал дээр уншиж сонсгожээ. Ингэж намын их хурал нь шүүх хурал болон тогтоол гарган шууд гүйцэтгэж байжээ.

Хоёрдугаар үе буюу "Хар шар феодлын дарлалыг устгах" тухай

Хар шар феодлын дарлалыг устгах уриан дор сурвалжит ноёд, тайж, хутагт хувилгаад, эрдэм номтой лам нарыг хавчин хяхаж эд хөрөнгийг нь улсын өмч болгож, нэг хэсгийг нь алж нөгөө хэсгийг нь шоронд хорьжээ. 1924-1938 онд лам нарыг устгах талаар тасралтгүй ажиллаж Дөрвөд аймгийн бэйл Сайнбаярын бүлэг /1924он/, Урианхайн гүн Чүлтэм, Бадрах нарын бүлэг, Улаангомын хүрээний лам нарын /1925 он/ гэх зэрэг 30 гаруй бүлэг хөдөлгөөн гэгчийг тагнуул бослогын гэмт хэрэгт гүтгэн холбогдуулсан компанит ажлыг зохиомлоор буй болгон олон мянган лам, язгууртан, хөрөнгөлөг иргэдийг устгажээ. Энэ үе нь монголд иргэний дайн мэт харагддаг билээ.

Гуравдугаар үе буюу Ж.Лхүмбийн хэрэг

1932-1936 онд Монголын Буриадуудыг Октябрийн хувьсгалаас урвасан, Японы тагнуул хэмээн цоллож Лхүмбийн хэрэг гэдэг зохиомол нэрээр халхавчлан улс төрийн "аймаглан устгах" гэмт хэргийг зохион байгуулж, олон мянган хүнийг шоронд хорьж, тамлан зовоожээ. 1933 оны долдугаар сард Ж.Лхүмбийг "Монгол дахь японы тагнуулын байгууллагын удирдагч" хэмээн улс төрийн зохиомол хэрэгт гүтгэн баривчилжээ. Энэ хэрэгт нам, улсын удирдах ажилтан, цэргийн албан хаагч, ард иргэд нийт 500 гаруй хүнийг баривчилж түүнээс 314 хүнийг шүүн таслаж Ж.Лхүмбэ тэргүүтэй 56 хүнд буудан алах ял, 260 хүнд хорих ял, 126 хүнийг Дорнод Сибирийн уулс төрийн гэмт хэрэгтний хорих газарт шилжүүлжээ. 1934 оны зургадугаар сарын 25-нд Лхүмбийг буудан хороожээ.

Дөрөвдүгээр үе буюу 1937-1939 оны "Гэндэн, Дэмидийн эсэргүү бүлэг"-ийн хэрэг

Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг нэрийн дор олон хүнийг баривчлан устгах ажлыг зохион байгуулжээ.

Тавдугаар үе буюу 1939-1940 оны бүлэг хэргүүд
Д.Лувсаншарав, А.Амар нарын бүлэг, Б.Баасанжав, Ж.Сэнгэдорж нарын бүлэг, Д.Сүхбаатарын харилцаа гэх бүлэг, Казахын оргодлын хөдөлгөөний хэрэг, Германы тагнуулын бүлэг, Порт-Артур алан хядах бүлэг, Дэмчигдонровын хүү Дугарсүрэн нарын хэрэг гэхч хэргүүдэд олон хүнийг татаж хоморголон хэлмэгдүүлжээ.

Зургадугаар үе буюу Хөрөнгөтний национиализм ханхлуулсан нь

1940 оны сүүлчээс Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан Х.Пэрлээ, Б.Содном, Ш.Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Б.Ринчин, Ш.Лувсанвандан нарыг үндэсний үзэл сурталчилсан нэрээр зэмлэн буруушаасан төдийгүй, Монгол үндэсний аливаа эрмэлзэл хандалгыг "Хөрөнгөтний национализм ханхалуулав" хэмээн хэлмэгдүүлжээ. Академич Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, зураач Соосой, барималч Махбал нарым олон хүн "Үндэсэрхэг үзэлтэн" нэрийн хар дансанд хадагдан улс төрийн эрхээ хязгаарлуулж, байнгын хяналт хавчилгын дор амьдарч байжээ.

Долдугаар үе буюу "Сэхээтний төөрөгдөл"

1956-1962 онд "Сэхээтний төөрөгдөл" нэрээр эх орныхоо хөгжлийн түвшин, ард түмний аж байдлыг бодитойгоор үнэлэн цэгнэж, улс төрийн удирдлагын арга барил, зарчим, бодлогод шүүмжлэлтэй хандагсдыг "Нам ард түмний эсэргүү" хэмээн үнэлж хэлмэгдүүлэн буруушаасан үе юм. Ш.Бат-Очир, Ж.Төмөрбаатар, Д.Лхамжав, Н.Дангаасүрэн, З.Содномцэрэн нарын 10 аад сэхээтнийг "Монголын ажилчин ангийн үүрэг, намын эдийн засгийн бодлого, Монгол Зөвлөлтийн хамтын ажиллагаа, эх орныхоо хөгжил дэвшилд эргэлзээн үүсгэж байна” хэмээн үзэж хэлмэгдүүлжээ.

Наймдугаар үе буюу Д.Төмөр-Очирын хэрэг

Нам улсын томоохон зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг "үндэсний үзлийг хөхүүлэн дэмжихийг эрмэлзлээ" гэж МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүнээс хөөж 1962 оны гуравдугаар бүгд хурлаас бүх албан тушаалаас нь халжээ. Төмөр-Очирыг аялдан дагаж дэмжсэн хэмээн С.Аварзэд, Д.Доржсүрэн нарын арваад хүнийг ажлаас нь халж нутаг заан суулгасан ба энэ хэрэгт олон хүнийг сэжиглэн хэлмэгдүүлж арга хэмжээ авчээ.

Есдүгээр үе буюу Ц.Лоохуузын хэрэг

1964 оны арванхоёрдугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаар Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сүрмаажав нарыг "Намын эсрэг бүлэг" болгон илрүүлэн нуга дарсан үе юм. Эдгээр гурван хүнийг нутаг заан хөдөөд ажиллуулсан бөгөөд хамсаатан нэрээр олон хүнийг ажлаас нь халсан удаатай. Ийнхүү бариа тавианы жил буюу их хэлмэгдүүлэлт 1920-иод оноос хагас жарны турш үргэлжилсэн түүхтэй.

Н.ЛХАГВА

No comments:

Post a Comment