Friday, September 10, 2010

Харууслын гэрч

Хотын замын түгжрэл хэв хэвээрээ. Намрын шар нар хорлонтой ч юм шиг зулай төөнөж, замын цагдаа чухал царайлан явахыг хориглон, замын түгжээг нэмэх бүр улам уур хүрнэ. Яг хотын төвд, байн байн, хамгаалалттай машин явж, зам түгждэг хэсэгт ирсэн жолооч нар “Нөгөө гурван тэнэг л гэртээ харих гэж зам хааж байгаа биз” гэлцэх. Уг нь энэ өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болох ёстойг мэдэж байсан ч түгжрэлийн гайгаар ингээд таксинд гацаж байгаадаа ер нь бол өөртөө л бухимдах ёстой л доо. Гэхдээ албаны үнэмлэх үзүүлэн давуу эрх эдлэж, үйл явдлын албаны хуурай мэдээлэл хүргэдэг байсан зуршлаасаа санаандгүй ч салсандаа замын түгжрэлд баярламаар ч юм шиг.
Үдийн 12.00 цагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэн Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө гэж байсан ч 11.00 цагаас замын хөдөлгөөнийг хааж сүржигнэсэн нь энэ. Уг нь Төрийн ордноос таван алхмын зайтай газар л даа. Нэгэнт л хөлөөрөө дэгдээд хүрчих газар хойно, замын танил таксигаа хаяаад таваргаад очтол давхар, давхар хамгаалал гаргачихсан, хөл гишгүүлдэггүй ээ. Бусдын л адил хөл хоригдон зогсохдоо хүмүүсийн үгийг чагнав. “Энэ одоо юу болоод байгаа юм?, Нөгөөдүүл чинь л ийш тийшээ явах гэж байгаа биз” гэхийн зуур сурвалжлагч хүний ам яаж зүгээр байх вэ, “Өнөөдөр Хэлмэгдсэгдийн өдөр. Хөшөөнд нь цэцэг өргөх гэж байгаа юм” гэчихэв. Хүн болгоныг мэддэг байлгүй дээ гэж боддог байсан хөшөөг зарим нь харин таньсангүй. “Хүүе тэр хар хайрцаг шиг хачин юм чинь тэр хөшөө юү” гэхийн зэрэгцээ “Тийм шүү дээ. Арван хэдэн жил цэцэг өргөж байгаа  шүү дээ” гэх хариулт арай дотор уужруулав. Гэхдээ тэр хөшөөг “таниагүй” хүмүүсийг буруутгах аргагүй. Харцанд нь гэмшил тодорч, малгайгаа аван мэхийж байв. Цагдаагаар хөл хориулсан хүмүүсийн хэн нь ч энэ өдрийн үйл явдлыг нэхэн санаад уцаарлан бухимдсангүй. Цөөхөн хором ч гэсэн харцаа бөхийлгөн харамслаа илэрхийлэв.

Гадаадын хэвлэлийн бололтой шар үст бүсгүй зураглаачийн хамт “хөл хориглох” бүс рүү нэг нэвтрэх гэснээ цагдаагийн хамгаалалтыг хараад холоос зургийг нь аваад холдох. Сиймгэр цагаан малгай, ягаан торгон дээлээр гоёсон эмээ ач нь бололтой хүүгээ дагуулаад “хөл хорио”-ны бүсийг чиглэсэн боловч цагдаа нар ямар нэг юм ухуулан тайлбарлаж, замын нөгөө талаар явах хэрэгтэй гэж байгаа бололтой зангана. Бодвол эмээ хэзээ нэгэн цагт хилсээр алдсан аавынхаа, эсвэл өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэх ёслолд хоцрохгүй очих гэж яарч байгаа бололтой, майрагнан шогшино. Хөлтэй хийгээд чадалтай залуу хүнд бол таван алхмын л газар л даа.  Эмээг алсаас бараадан дагах зуур хүндэт харуулын цэргүүд тэп тэп алхлан, үлээвэр хөгжим гашуудлын хүндэтгэлтэй ая эгшиглүүлэн төрийн тэргүүн гэх дарга нар хөшөө тийш хиймэл цэцгийн баглааг дагалдан алхана.

Энэ өдөр хэн нэгэн хиймэл төрх эсгэж байсан гэж хэлэх аргагүй, хэдийгээр өөрсдөө амьдрал, хувь тавилангаараа амсч мэдрээгүй ч гэсэн, толгой бөхийлгөн харуусах сэтгэлтэй байгаа гэдгийг хэн бүхний харцнаас харж болохоор.

Болдог юм болдгоороо болоод өнгөрлөө гэдэг шиг өмнө нь 15 удаа Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, толгойгоо бөхийлгөөд дараагийн ажилдаа яардаг жишгээр “томчууд” Төрийн ордон руугаа яарав. Хэвлэлийнхэн бужигналдаж, хамгаалалтын албанынхан ажлаа дуусгаад явсан хойно, харин хэн тэр царай муутай хөшөөний хажууд үлдэв. Харцандаа гунигтай эмээ, өвөө нар. Хэдийнэ сонин хэвлэлийн хуудаснаа танил болсон аав, ээж, эсвэл эмээ, өвөөгийнхөө зургийг өмнөө барьж, нулимстай үгээ хэлж байдаг танил дүр зураг биш. Зүгээр л алжааж ядраад, ядаргаатай халгаалалтын албаныхан, сенсацид дуртай хэвлэлийнхнээс холдоод хөлөө амрааж байгаа өтгөс. Яагаад ч юм бэ, 1937 оны хэлмэгдүүлэлт саяхны юм шиг, төдийгөөс өдий хүртэл зовж тарчилж байсан үр хүүхэд нь хэвээрээ, архивын материал хайж, аавыгаа, ээжийгээ хэлмэгдсэнийг гэрчлүүлэх гэж, нөхөн олговор хэмээх мөнгийг аваад амирлаж байгаа мэт санадаг байж. Тийм л утгатай мэдээллийг төрийн албаныхан өгдөг, хэвлэлийнхэн бид дамжуулдаг байж. Гэтэл хуучны бололтой зураг элгэндээ тэврэн суугаа эмээ “Миний өвөө, ухаан суугаагүй балчирхан байхад минь элгэндээ намайг тэврэн суудаг байсан. Зүүд үү, зөн үү мэдэхгүй, нэг харанхуй шөнө л гараад явсныг нь санадаг. Дахиж эргэж ирээгүй ээ” гэж ярьж байна. Хажууд нь дэм болон яваа эмээгийн хайраар бол балчирхан 20 гаруй насны хүү бол элэнц, хуланцын үеийн өвөөгийнхөө, бүр эмээгийнхээ ч туулсан шаналлыг ойлгохгүй, ойлгуулахгүй байсан нь ч дээр.  Тэдэнд, тэдний дараагийн үеийнхэнд ийм аймшгийг амсуулахгүй юм сан л гэж бид хичээж явдаг бус уу. Хичээх ч ёстой.  

Хотын замын түгжрэл дахиад л угтана. Эмээ, түүний ач хүү хөшөөнийхөө хажууд суугаад л үлдсэн. Арайхийж олж сууж чадсан таксины жолооч “Хэлмэгдлийн өдөр гэнэ ээ, зам хаагаад бөөн түгжрэл” гэх. Гэхдээ тэр жолооч энэ өдрийг хүндэтгээд машиныхаа гэрлийг асаасан байна лээ

No comments:

Post a Comment