Өнөөдөр ачит эцэгт эх, амраг садан, хань ижлээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар алдаж нүдэндээ нулимстай, сэтгэлдээ эдгэшгүй гүн шархтай үлдсэн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс уучлал гуйх өдөр.
“Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, хүний ёсоор амьдрах хувь дутсан эгэл ардын гэр бүл, үр ач өнөөдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнөө цуглаж, сэтгэл дэх гашуудлаа тайллаа.
Тэнд “миний өвөө, миний аав буруугүй байсан шүү дээ” хэмээн хайртай хүмүүсийнхээ зургийг энгэртээ тэвэрсэн азай буурлууд нулимс дуслуулан гашуудаж байгаа нь харагдсан.
Тэрдээд ард хоцорсон хүйтэн дайны жихүүн үед буюу 1937-1947 онд 30 гаруй мянган гэмгүй иргэн үндэс угсаагаараа гадуурхагдан улс төрийн гэмт хэрэгтэн хэмээн чичлэгдэж шийтгэгдсэний 21 мянгынх нь толгойд буу тулган халуун амийг хороосон байна.
Түүхийн энэ л хар үүл нөмөрсөн өдрийг дурсаж Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсэдийн хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон бусад холбогдох албаныхан цэцэг өргөж хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд толгой бөхийн хүндэтгэл үзүүлж байсан.
Энэ үеэр Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай уулзаж хэдэн зүйл тодрууллаа.
Д.ЦОГТБААТАР: ТӨР ИРГЭДИЙН ЭД ЗҮЙЛИЙГ НЬ БУЛААГААД АВЧИХСАН Л ЮМ ЧИНЬ ЭРГҮҮЛЭЭД ТӨЛӨХ УЧИРТАЙ. ЭНЭ МЭТ ХУНШГҮЙ ЭР ХҮНИЙ ЗАН ГАРГАЖ БОЛОХГҮЙ.
-Манай оронд болсон их хэлмэгдүүлэлтийн үед улс төрийн эсэргүү хэмээн адлагдаж халуун амиа алдаж байсан хэчнээн хүн өнөөдөр цагаадаад байгаа вэ?
-1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед 30 гаруй мянган хүнийг шийтгэсэн байдаг. Одоогийн байдлаар 29 мянган хүн цагаадаад байна.
-Тэгвэл одоогийн байдлаар улсаас хэчнээн хэлмэгдэгсэдийн ар гэрт нөхөн олговор олгоод байна?
-Одоогийн байдлаар улсаас 17400 хүн нөхөн олговроо авч нийтдээ 16 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Цагаатгалын хуулиараа бол нас барсан хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэнд сая төгрөг, амьд сэрүүн байгаад нь 500 мянган төгрөгийг нөхөн олговор олгож байгаа. Хуульдаа нөхөн олговорыг хэлмэгдэгч буюу түүний эхнэр юм уу нөхөрт олгоно гэж заасан байдаг. Харин үр хүүхдийнх нь талаар тусгаж өгөөгүй учраас төрийн зүгээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй байгаа. Тухайн үед төр иргэдийн эд зүйлийг нь булаагаад авчихсан л юм чинь эргүүлээд төлөх учиртай. Тиймээс төр энэ мэт хуншгүй эр хүний зан гаргаж болохгүй. Бид хуульд өөрчлөлт оруулах талаар саналаа боловсруулаад өгчихсөн байгаа. Харамсалтай нь улсын их хурлаар өдий болтол шийдэгдэхгүй байсаар л байна. Энэ бүхэнд төрийн дээд удирдлага, УИХ-ын гишүүд анхаарч ажиллана байхаа гэж найдаж байна.
Мөн энэхүү хүндэтгэлийн өдөр хүрэлцэн ирсэн зарим хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
К. Жаминаш /72 настай/: Би өөрийн өвөө, аавыгаа дурсаж энэ ёслолд хүрэлцэн ирээд байна. Манай өвөө Завхан аймгийн Алдархаан сумын казак хошууны дарга, аав маань багш хүн байлаа. Гэтэл 1938 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр баривчлагдаад гуравдугаар сарын 3-ны өдөр буудан хороогдсон юм. Харин аавыг 23 настай байхад буюу намайг төрөөд ганц хонож байхад хилс хэрэгт тулган алсан. Хэрвээ буудан хороохын оронд 1939 оны дайнд явуулсан бол ядаж шарил нь үлдэх байлаа. Ээж маань төрөхийн хүндрэлээр нас барж аав минь хэлмэгдсэнээр би гэдэг хүн эцэг эхгүй өссөн дөө.
Ж.Сүхбаатар: Миний ах Лувсанданзанг 1937 онд хувилгаан лам хэмээн үндэс угсаагаар устгах зорилгоор хэлмэгдүүлж буудан хороосон. Гэмгүй ахыг маань хилс хэрэгт унагасан төрөөс ахынхаа амийг нэхэж байна.
Д.Цэрэндулам /63 настай/: Манай өвөө Жасрайн Эрдэнийг 1937 онд улс төрийн хэрэгт оролцсон Данзангийн хамсаатан гэдэг нэрийдлээр хилс хэрэгт гүтгэн хороосон юм. Би Дорнод аймгийн уугуул иргэн. Улсаас нөхөн олговор болох сая төгрөг авсан. Гэвч энэ хэдхэн төгрөгийг улсаас авлаа ч бидэнд учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөж чадахгүй.
Ц.Шагдарсүрэн: Өнөөдөр энэ хүндэтгэлийн өдөр өөрийн эцэг хамба лам Шагдарсүрэнг дурсаж хүрэлцэн ирээд байна. 1937 оны 12 сард манай гэрийн хамаг хөрөнгийг хураан авч эцэгт маань шууд алах ял заасан юм билээ. Улсаас нөхөн олговор гэж сая төгрөг авсан. Энэ мөнгө сэтгэл дэх шархыг эдгээж чадахгүй ч эцгийг минь гэм буруугүй хэмээн цагаатгасан нь сэтгэлийг жаахан ч атугай дэвтээх юм даа.
Г.Одгарав
No comments:
Post a Comment