Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэдэг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хийсэн энэхүү бага хурлыг нээж УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ,”Монгол оронд болж өнгөрсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршиг, үр дагавар, хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээхийн ач холбогдол, сургамж, дүгнэлт, улс төрийн талаар төрийн зүгээс иргэдээ хэлмэгдүүлэхгүй, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог нь ханган бүрдүүлэх, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх, энэ талаар олон нийтэд өргөн дэлгэр ойлголт өгөхөд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдол оршиж байна” гэдгийг цохон хэлжээ.