Thursday, July 1, 2010

Хэлмэгдэгсдийн хөшөө “ихэрлэв”

Монголчуудын хувьд харамсал, уй гашуу төрүүлэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр  алтан амиа алдсан талийгаачдын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслол өнөөдөр  Үндэсний түүхийн музейн өмнөх Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд боллоо.  Уг арга хэмжээнд үймээний үеэр амь насаа алдсан  Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ,  н.Ганбаатар,  Ч. Энхбаатарын ар гэрийнхэн,  нийслэлийн Ардчилсан хүчний холбооны Ж.Батзандан, О.Магнай, нар болон хэвлэлийнхэн  хүрэлцэн ирсэн юм. Тэд гартаа гашуудлын цэцэг, хадаг, цай барьж, бараан өдрийн талаар сэтгэл зовинон ярилцаж байв.
Дээрх арга хэмжээнд долдугаар сарын 1-нд амиа алдсан Т.Батсайханы ар гэрийнхнээс хараахан  хүн ирж амжаагүй байлаа. Учир нь талийгаачийн аав нь 70 гарсан бие муутай хөгшин байдаг гэнэ. Харин түүний ах Т.Батнасанг “Зам гүүрийн инженер бөгөөд хөдөө гадаа их явдаг болохоор утас нь холбогдохгүй юм. Сар гаруйн өмнө холбогдож, долдугаар сарын 1-нд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулна гэж ярьсан” хэмээн талийгаач Э.Доржсүрэнгийн аав  Ц.Энхбаяр гуай дуулгасан. Мөн тус үймээний үеэр  эрүүл мэндээрээ ноцтой хохирсон Э.Энхтөрийн аав Л.Энхбат хөшөөний нээлтэд ирсэн байв.
 Тэрбээр “Долдугаар сарын 1-нд болсон үймээнд эрүүл мэндээрээ ноцтой хохирсон хоёр хүн бий. Нэг нь миний хүү Э.Энхтөр. Одоо зүүн гуяных нь дунд чөмөгнөөс 10 см байхгүй болсон. Өнгөрсөн аравдугаар сард Солонгост очиж эмчилгээ хийлгээд тавдугаар сард ирсэн юм. 70 хувийн гэмтлээр группт орсон байгаа.  Хүү маань дөнгөж 16-хан насандаа ингэж эрэмдэг зэрэмдэг болсонд харамсаад ч барахгүй юм. Хүн буудсан цагдаа нь төрийн цээрлэл хүлээсэн ч  Өршөөлийн хуулиар цагаадсан шүү дээ. Төр ард түмнийхээ өмнөөс хүйтэн зэвсэг онилж яасан ч  болохгүй. Энэ бол гашуун сургамж.  Дахин ийм муухай үйл бүү болоосой гэж залбирч сууна” хэмээн учирлав.  Үймээний хохирогчдын нэг болох Г.Ариунбаатар “Би тэр өдөр нуруунаасаа хүйсээ нэвтэртэл буудуулсан.  Одоо эмчилгээ, асаргаа сувилгаанд байдаг. Долдугаар сарын 1-нд 22-23 цагийн үед онцгой байдал зарласныг мэдээгүй явж байгаад Гадаад хэргийн яамны  орчим буудуулсан.  Одоо группт байдаг. Төр засаг өнөөг хүртэл ард түмнээсээ уучлалт гуйгаагүй байна. Уучлалт гуйж, сэтгэлийг нь дэвтээгээсэй гэж боддог. Ер нь  тэр үймээний гол буруутан нь цагдаагийн өндөр албан тушаалтнууд шүү дээ. Тэдний буруу үйлдлээс болж залуугаараа эрэмдэг болсондоо харамсдаг. Төрөөс нөхөн олговор гэж 12 сая төгрөг өгсөн ч эмчилгээндээ зарцуулаад дууссан” гэсэн юм.  “Бид улстөрчдийн золиос биш.  Бидэнд хүнлэг энэрэнгүй хандахгүй бол асуудлыг өөр өнцгөөс тавина. Энэ үйл явдал эцсийн эцэст ард түмэнд бус  төр засагт сургамж болох ёстой. 1938 оны хэлмэгдүүлэлтэд миний талийгаач хүүгийн өвөө нь өртөж, буудуулж байсан юм.  Тэдэнд зориулсан хөшөө нь хүүгийн маань хөшөөний зүүн талд байна. Тийм аймшигтай он жилээс төр засаг сургамж аваагүй л байна шүү дээ. Хэлмэгдэгсдийн хөшөө энд дахин босох гэж байна. Тав, арван жилийн дараа миний ач хүүд зориулсан хөшөө энд босохгүй гэх баталгаа алга.  Тиймээс төр засаг одоо л ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж, улс төрийн үнэн зөв дүгнэлт гаргах хэрэгтэй” хэмээн талийгаач Э.Доржсүрэнгийн ээж Д.Үржинсүрэн хоолой нь зангиран ярилаа. Үрээ  бусдын гарт алдсан эх  хүний  сэтгэл  цааанаа л шаналантай, харц нь гунигтай байлаа. Үймээнд амиа алдсан иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хөшөө дөрвөн сарын дараа сүндэрлэх юм билээ.

No comments:

Post a Comment