Аймаг, нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэ оны 3-р улиралд хийж гүйцэтгэсэн ажлын дүн мэдээ гарлаа.
Салбар комиссууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр угтаж хийх ажил ялангуяа цагаатгалын хууль түүний дотор энэхүү хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сурталчлах, хэрэгжүүлэх ажилд илүү анхаарав.
Салбар комиссууд энэ улиралд иргэдээс 152 өргөдөл, 242 эрэлт хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ 1017 иргэнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан байна.
Аймаг, нийслэлийн цагаатгалын салбар комиссууд төр, олон нийт, аж ахуйн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд болох 557 хүнд 12,4 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож, мөн 469 иргэнд 4,8 сая төгрөгийн хүнс, эд материалын туслалцаа үзүүлжээ.
Салбар комиссууд хэлмэгдэгсдийн өдрийн үеэр 36 иргэнд 36,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосны зэрэгцээ хэлмэгдсэн 5 иргэнд шинэ орон сууцны түлхүүрийг батламжийн хамт, мөн 2 иргэнд орон байрны нөхцөлөө сайжруулахад нь тусламж болгож 12 сая төгрөгийн мөнгөн олговрыг олгов.
Энэ хугацаанд Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас цагаатгагдсан иргэдийн архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 49, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа 60, цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ 3 ширхэгийг холбогдох хүмүүст тус тус хүлээлгэн өгсөн байна.
Зарим салбар комисс чирэгдэл учруулж буй дүрэм, журмыг өөрчлөх шаардлага байгаа, нотлох баримтгүйн улмаас цагаатгах боломжгүй байгаа иргэдийн асуудлыг нааштай шийдвэрлэх үүднээс хуулийн төсөл боловсруулах зэрэг санал дэвшүүлсэн байна.
No comments:
Post a Comment