Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэдийг цагаатгуулахаар нэхэмжлэгчдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах болон цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох хугацааг 2011 оны 12 дугаар сарын 30-аар бүрмөсөн дуусгавар болгохоор заасан билээ.
2010 оны хоёрдугаар улиралд салбар комиссууд иргэдээс хэлмэгдэгсдийг цагаатгуулах, нөхөх олговрын материал бүрдүүлэх, шүүхийн шийдвэр гаргуулан авах, гэр, орон сууц, мөнгөн тэтгэмж хүсэх, хураагдсан хөрөнгө нэхэмжилсэн зэрэг 105 өргөдөл, 224 эрэлт хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Мөн хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийн хүсэлтийг үндэслэн 19 хүнд 785 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг, 21 иргэнд 330 мянган төгрөгийн эд материал, хүнсний туслалцаа тус тус үзүүлсэн байна.
2010 оны 2-р улиралд салбар комиссууд Тагнуулын Ерөнхий газрын архивын бүртгэлийн хэлтсээс цагаатгагдсан иргэдийн архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 15, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа 17, Улсын Дээд Шүүх, Ерөнхий Прокурорын газраас цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ 1 ширхгийг тус тус захиалан авч нэхэмжлэгчдэд нь олгожээ.
Энэ улиралд нөхөх олговрын материалаа бүрдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулсан 20 нэхэмжлэгчдэд 24,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Үүний зэрэгцээ зарим салбар комиссууд Улсын Ерөнхий Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэл, хүмүүсийн нэрсийг аймаг тус бүрээр нь гаргаж ирүүлэх, цагаатгагдсан боловч нөхөх олговор авах талаар материал бүрдүүлээгүй хүмүүсийн нэрсийг аймаг тус бүрээр гаргаж өгөх хүсэлтийг тавьсан байна.
No comments:
Post a Comment