Thursday, July 1, 2010

Та нарыгаа үүрд санаж явах болно. Хайр­тай шүү

Энэ сарын 1-ний үймээ­ний үеэр нас барсан иргэдийн хойноос ар гэрийнхэн нь буян үйлдэж 108 зул өргөлөө. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд болсон энэ үйл явдлын үеэр лам нар ном хурсан юм. Улс төрийн шинэ хэлмэгдэгсэд болох Ц.Энхбаатар, Э.Дорж­сүрэн, С.Ганбаатар, Р.Мөнх-Эрдэнэ нарын хөргийг Ган­дангийн талбайн төв хэсэгт байрлуулжээ. "Та нарыгаа үүрд санаж явах болно. Хайр­тай шүү" зэрэг үгийг бичиж аав, ээж, ах дүүс нь гарын үсгээ зурсан самбарыг зураг­нуудынх нь хажууд тавьсан байлаа. Эдний хойноос буян хийж таван өдрийн турш 108 зул өргөнө гэдгээ ар гэ­рийн­хэн нь хэлж байв.
Хэл­мэг­дэгсдэд хүндэтгэл үзүүлж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэр­хийлэхээр жирийн иргэд ч энд цуглаж байсан юм. "Энэ хүмүүсийг гудамжны хул­гайч, дээрэмчин байсан мэ­тээр зарим нь ярьж байгаа. Төр төмөр нүүрээ харуулж байна гэх хүн ч олон байгааг энэ хэдэн өдөр сонслоо. Гэхдээ ямар хүмүүс байсныг олонд харуулах гэж зураг, хөргийг нь энд авчирсан. Гэртээ харих гээд явж байсан гэмгүй хүмүүсийг буудаж алчихаад Засгийн газар яа­гаад одоо болтол эмгэнэл илэрхийлэхгүй байгаа юм бэ. Хүнээ алчихсан төр ийм байж болно гэж үү. Бид энэ хү­мүүсийн амийг төрөөс нэхэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас "Танай дүүр­гийн нутаг дэвсгэрт болсон үймээний үеэр энэ хүмүүс алуулчихаад байна. Та ядаж эмгэнэл илэрхийлэхгүй юм уу гэж асуухад "Би сониноор эмгэнэл илэрхийлчихсэн" гээд хэнэггүй зогсч байх жишээтэй. Энэ дөрвөөс гадна нас барсан дахиад хоёр хүн байх ёстой. Тэдний гэр бү­лийнхэн чимээгүй байгаад байгаа нь сонин. Эсвэл ямар нэгэн дарамт шахалтад орчи­хоод байна уу. Ямартай ч энэ шударга бус зүйлтэй битгий эвлэрээч ээ гэж хэлмээр байна" хэмээн талийгаач Ц.Энхбаатарын ах Н.Баяр­жаргал энэ үеэр ярьсан юм. Талийгаачдын гэр бүлийнхэн өнөөдөр Сүхбаатарын тал­байд өглөөний 08.00-20.00 цаг хүртэл 1000 зул өргөх юм байна.

No comments:

Post a Comment